Миний тухай

 

+

 

Зөнч - Төгсгөлийн 4-р хэсэг

Бүсгүй гутлаа тайлан хөлөө хумин суудал дээр гаргаад машины цонхоор ширтэн явна. Зөөлөн хаялах цасан доор дор бүрнээ ямар нэг зүйлийг бодон дүнсийн алхлах хүмүүсийг бүсгүй машины толинд харсаар явлаа. Машины моторын дуунаас өөр дуугүй нам жим, нар тэнгэрийн хаана явааг нь мэдэх араггүй зузаан үүлс тэнгэрийг бүрхжээ.Тэд цаашаа уулын нарынхан мушгиран эргэсэн замаар суудлын жижиг тэргэндээ өгсөж явлаа. Залуу бүсгүйн гарт хүрхэд бүсгүй залууруу хараад гарыг нь атгалаа. Залуугийн гарт нь байх өөрийнх нь зүүн гарны ядам хуруунд байх бөгжтэй ижил хос бөгжөө хараад бүсгүй инээмсэглэлээ. Бүсгүйн зовхинд үл мэдэг үрчлээ суусан ч инээмсэглэл нь дур булаам хэвээр байлаа. Уулын дээшээ нилээд өгсөөд нэгэн газар ирж зогслоо. Гурван алд өндөртэй энгийн модон хаалгыг нь тойроод дүүрэн цагаан сараана цэцэгс ургажээ. Бүсгүй дотогш түрүүлж ороод захиалсан өрөө нь бэлэн байгаа эсэхийг үүдэнд байсан үйлчлэгчээс лавлав. Үйлчлэгч тэднийг араас нь дагаад явахыг хүслээ. Маш олон дугаар, хаяггүй өрөөнүүдийг өнгөрсөөр бусдаасаа юугаараа ч ялгарахгүй нэг хаалган дээр ирээд онгойлгочихоод яваад өглөө. Хүүхэд мэт баярласан бүсгүй залууруу нүдээ ирмэснээ гараас нь атган өрөөлүү дагуулж орлоо. Тас харанхуйн дундахь олон өнгөөр солонгорсон арал, цаана нь харанхуйн дундаас гэрэлтэх тэргэл сар тэднийг угтлаа.



Бүсгүй гүн нойрноос сэржээ. Хачин зүүднийхээ ертөнцөөс бүрэн сэрч амжилгүй өчигдөр болоод өнгөрсөн зүйлсийг эргүүлэн бодож хэвтэхэд бүгд зүүд мэт санагдсанд бүсгүй яаран босож шороо тоос болсон гутлаа хараад тайвшран буцаад орондоо орж хэвтлээ. Бүсгүй нүдээ алгуурхан аниад өчигдөрийн залуугийн тухай бодлоо. "Надаас лав өндөр, бас их урт гартай. Тэгээд их сонин зүйлүүд ярьдаг. Аа тийм хамгийн сайхан нь нүд нь. Ертөнц дээрх бүгдийг олоод мэдчихсэн мэт амгалан мөртлөө тэр хэмжээгээр гүн хар нүдэнд нь миний мэдэхгүй олон нууцыг хадгалчихсан байх шиг. Гэхдээ миний утасны дугаарыг аваагүй, хаалганы дугаарыг мэдэхгүй" гэж бодсоноо бүсгүй санаа алдаж

"Ахиад ирэхгүй биздээ" гэж дотроо бодсон ч  өчигдөр болоод өнгөрсөн зүйлс бүсгүйд ер бусын эрч хүч өгсөн мэт санагджээ. Бүсгүй яаран босоод хөшгөө ярж цонхоо нээлээ.  Зуны цэнгэг агаараар цээж дүүрэн амьсгалаад бүх өрөөнийхөө цонхыг нээгээд шалаа угааж гэрээ цэмцийлгэлээ. Гэрийнх нь сүүлийн хэдэн сар байрандаа байгаагүй байж мэдэх бүх зүйлсийг байр байранд нь оруулж дуусаад бүсгүй тамхи татахаар тагтан дээрээ гартал өчигдөрийн залуу байрных нь тоглоомын талбайн арын сандал дээр тор дүүрэн зүйл атгачихсан сууж байлаа. Залуу бүсгүйг хараад гараараа даллахад бүсгүй ичсэндээ буцаад гүйгээд орчихов. Бүсгүй хамгийн түрүүнд толинд харах ёстойгоо санаж очиж харвал тийм ч хүнээс зугтахаар царайтай харагдсангүйд бага зэрэг тайвширлаа. Бүсгүй тагтан дээрээ буцаж гараад удахгүй буулаа гэдгээ гараараа дохин залууд ойлгууллаа.

Цагийн дараа бүсгүй гарч ирлээ. Биеийнх нь галбирыг тодотгох биеийг нь барьсан бүдэг ягаан даашинз дээр сүрлэн малгай бүсгүй өмсжээ.  Бага зэрэг нүдээ онийлгон инээмсэглэн суугаа залууруу бүсгүй дөхөж очихдоо үл ялиг сандарч байгаагаа мэдрээд их гайхлаа.

"Сайн уу" гэж бүсгүй түрүүлж ам нээлээ.

"Сайхан амарсан уу"

"Сайхан. Энд юу хийж яваа юм бэ. Ойрхон айлд ирсэн юмуу"

"Үгүй ээ. Чамайг зориод ирлээ" гэж залуу бүсгүйрүү ширтсэн хэвээр хэллээ.

"Намайг зориод гэнээ Энд хэр удаан хүлээж байгаа юм"

"Удаагүй ээ" гэж залуу хариулав.

"Чи өдрийн хоолоо идсэн үү" гэж бүсгүй асууснаа хариултыг нь сонсолгүй эргэн тойрноо харснаа үргэлжлүүлэн

"Хоёулаа нэг газар орж хамт хооллох уу" гэж асуухад залуу

"Танайд ороё" гэж хэлхэд бүсгүй цочих шиг болсоноо эргэж харан

"Яах гэж?" гэж асуухад

"Би чамд хоол хийж өгье" гэж залуу хэллээ.

Бүсгүй хариу хэлэлгүй хэсэг зуур эргэлзсэнээ залуугийн гарт байгаа торыг анзаарч

"Гарт чинь юу байгаа юм бэ"

"Хоол хийхэд оролцох бага саг юм байгаа"

"Тэгвэл орцгооё" гэж бүсгүй хэллээ.

Бүсгүйн саруулхан гэрт орж ирсэн залуугийн нүдэнд хамгийн түрүүнд том өрөөнийх нь нэг ханыг тэр чигт нь эзэлсэн пянзны цуглуулга өртжээ. Залуу ханыг нүдээрээ нэгжин хараад цуглуулганыхаа дуртай пянзыг хоол хийж байхад нь тавьж өгөхийг бүсгүйгээс хүсчээ. Бүсгүй эргэлзсэнгүй нэгэн пянзыг сонгон гаргаж ирээд тоглуулагч дээрээ тавьлаа. Зүү пянзыг алгуурхан зурж эхлэхэд залуугийн мэдэхгүй хэлээр намуухан хэмнэлтэй дуу эхлэжээ. Залуу хэн дуулж байгааг асуухыг хүссэнгүй. Заримдаа бүх зүйлсийг мэдэх гэсэн хүслээ түр амраагаад, сэтгэлээрээ харж, сонсож, уншиж таашаал авах нь залууд сайхан байдаг. Хэн дуулж байгааг мэдчихвэл дуулж байгаа үгс нь хүчээ алдчих ч юм шиг,  зүрхэнд нь шууд хүрч байгаа аялгууны нарийхан жим нь бүдгэрчих ч юм шиг залууд санагджээ. Бүсгүй гал тогооны өрөөндоо ороод хормогч зүүж пянзан дээр явж байгаа дууг амандаа бүдэгхэн аялаж байгааг залуу хараад инээмсэглэхэд бүсгүй хариу инээмсэглэлээ. 

Залууг хэрхэн ногоогоо арилгаж хэрхэн нямбай хэрчиж байгааг бүсгүй зүгээр л ажиглаж суулаа. Гахайн махыг боролтол шараад гарган авч дараа нь атга хэмжээтэй тасалсан үхрийн цул махнуудыг мөн боролтол шараад гаргаж авлаа. Дараа нь лууван, сонгиноо жижиглэн хэрчээд гарын алганы хэмжээтэй хэрчсэн үхрийн цул махтайгаа хамт шарсаны дараа дээрээс нь нэмж үхрийн ясны тунгалаг шөл, гахайн махан дээр нухсан сармис, мөөг, хагас шил бургундын улаан дарс нэмж хийгээд зөөлөн гал дээр тавьлаа.

Залуу гараа угаалтуурт угааж дуусаад галын өрөөний голд байрлах өргөн ширээний бүсгүйн суусан эсрэг талд өөдөөс нь харан суулаа.

Бүсгүй : "Чи намайг хоолонд гар хүргэсэнгүй шүү"
Залуу : "Намайг дайлж байна гэж ойлгоорой" 

Бүсгүй : "Хаана хоол хийж сурсан юм бэ"
Залуу : "Миний сонирхол гэж хэлж болноо"
Бүсгүй : "Хаана гэж асууж байхад чинь"
Залуу : "Зарим зүйлсийг мэдэхийг хичээлгүйгээр зүгээр таашаалаад үзвэл гоё байдаг биздэ"
Бүсгүй хариу хэлсэнгүй. Хэсэг чимээгүй сууснаа нэгийг гэнэт санасан бололтой
Бүсгүй    : "Өчигдөр уушны газар чи намайг их гайхшруулсан шүү" 
Залуу : "Би чамайг тэнд их удаан хүлээсэн"
Бүсгүй : "Би тэнд өмнө нь ердөөсөө орж үзээгүй. Чи намайг яагаад тэнд хүлээсэн юм бэ"
Залуу : "Зарим зүйлсийг зүгээр л урьтаад мэдчихдэг юм" ингэж өчигдөр хэлж байсныг нь бүсгүй санажээ.
Бүсгүй : "Хэрвээ бүгдийг урьтаад мэдчихдэг бол" гэснээ хэсэг үг хэлэлгүй залуугийн нүдрүү ширтсэнээ дальдчиж "Амьд явах утгатай гэж үү" гэж асуулаа. Залуу нилээд чимээгүй суусны эцэст бүсгүйн гарыг атгаад "Би бүх амьдралаа урьтаад харчихсан. Гэхдээ чамтай уулзах гурван өдрөөс бусдыг нь" гэж хэллээ.

Галын өрөөнд анир чимээгүй буцаад ноёллоо. Гүн бодолд орсон бүсгүй хариу хэлсэнгүй. Залуу бүсгүйн гарыг атгасан хэвээр  "Энэ гурван өдрийг л би олон жил хүлээсэн" гэж хэллээ.

Бүсгүй : "Тэгвэл өчигдөр, өнөөдөр тэгээд маргааш. Гурван өдөр. Нөгөөдөр чи өөртөө юу тохиолдохыг мэдэж байгаа. Бас нөгөөдрийн маргааш, тэрний дараа долоо хоног, дараа сар, дараа жилийг нь" гэснээ бүсгүй гараа алгуурхан татаж аваад "Бид хамтдаа байх уу" гэж асуухад хоолой дээр нь ямар нэг зүйл гацаж, нүдэнд нь аль нэг зүйл орчихжээ.

Залуу санаа алдаад "Үгүй ээ" гэж хариулав. Хоол болох хүртэл залуу бүсгүй хоёр хоорондоо ярилцсангүй. Хооллож дуусаад бүсгүй залуугийн хормогчийг тайлаад гараас нь атгаад том өрөөндөө орлоо. Том өрөөнийхөө буйдан дээр залууг бүсгүй суулгаад даашинзаа тайллаа. Энгэсэгний таатай үнэр хамранд нь хүрэх даруйд залуу манрах шиг болжээ. Нарийхан бэлхүүсэн дээр нь залуу үнслээ. Дараа нь хөхний даруулгыг нь тайлж хөхөн дээр нь үнслээ. Залуу гүн хар нүдээ аньжээ. Залуугийн уруул нүднийх нь халааг авч бүсгүйн мөрийг, хүзүүг тэмтэрлээ. Залуу эцэст нь уруул дээр нь ирээд бүсгүйг үнсэхэд залуу бүсгүйд зөвхөн уруулаараа биш бүхлээрээ, ерөөсөө бүхлээрээ хүрэх шиг санагджээ. Залуу бүсгүй хоёр үнсэлцэж зогсоод эцэст нь бүсгүй буйдан дээр залууг суулгаад өөрт байгаа бүхнийг өгчээ. Залууд өмнө нь хэзээ ч ийм сайхан байж үзсэнгүй. Урт удаан үргэлжилсэн шөнийн дунд залуу зүүрмэглэж эхэлтэл бүсгүй сэрээгээд "Одоо яв" гэж хэлжээ. 


Залуу нүдэн дээр нь үнсээд хувцаслаж гэрээс гарлаа. Бүсгүй залууг гаргаж өгсөнгүй. Орноосоо босолгүй шөнөжин уйлжээ.

Үүр хаяарч ганц нэг машин хотын замаар холхилдож эхлэхэд залуу үнэт эдлэлийн дэлгүүрийн өмнө сууж байлаа. Дэлгүүр онгойхтой зэрэгцэж орсон залуу хамгийн үнэтэй биш ч гэсэн өөрийнхөө мөнгөнд таарсан чамин бөгжийг худалдан авахдаа бүсгүйн хурууг барагцаалж харсандаа баяртай байлаа.

Индүүдсэн хуучин хослол, цагаан цамц, гялалзтал тослосон гутал, эрвээхэй зангиа улаан сарнай урдаа тавьж бүсгүйтэй анх таарсан уушны газрын өнөөх суудал дээрээ хаалган дээрх бяцхан хонх жингэнэн дуграхыг залуугийн зүрх түг-түг хийн хүлээж сууж байлаа.

Төгсөв.