Миний тухай

 

+

 

НУУЦ


Намрын шаргал навчис хойд зүгийн хүйтэн салхинд туугдан тасарч унахдаа санаа алдах мэт сэрчигнэнэ. Энд навч. Тэнд ч бас навч.. Газраар дүүрэн навчис. Чиний инээмсэглэсээр ирдэг байсан энэ гудамжийг тэр чигт нь шар өнгөөр будчихаад биднийг дээгүүр нь хамтдаа хөтлөлцөөд алхахад шар-шар хийн дуграхаа хүлээх мэт чимээгүй..




 Болздог байсан сандал ямар байсан тэр л чигтээ хэвээрээ. Ганцхан өөрчлөгдсөн зүйл нь хайрт минь би, би байна.. Чиний минь илбэх дуртай ширүүн өтгөн үс минь бүгд унаж дууссан. Хөмсөг минь ч адил. Цангинсан чийрэг хоолой минь намайг эргэж ирэхгүйгээр орхин одсон. Чиний минь дуртай зүйлүүдээс хэзээ ч илч нь буураагүй чамайг хайрлах харц минь үлджээ. Хэдийгээр бид хоёр 30 жил холдсон ч гэсэн миний чамайг гэх сэтгэл хэзээ ч бүр хэзээ ч сарниж алга болоогүй. Одоо би нэг хүүтэй бас эхнэртэй. Тэднийхээ төлөө бүхнээ зориулхад бэлэн боловч хэзээ ч би чамруу хардаг байсан харцаараа эхнэрээ харж чадаагүй. Эхнэр маань ч үүнийг мэддэг хэрнээ надад муу хандаж байсангүй ээ. Хэзээ ч хамаагүй түүнийг орхиод бурхны оронд явахыг мэддэг байсан ч тэр надаас хором ч холдолгүй эрлэг ирээд авах хүртэл мөч бүрийг надтай хамт өнгөрөөхийг хүсдэг. Заримдаа би бүх үнэнээ хэлсэн бол чи минь түүний оронд миний сүүлийн мөч хүртэл надтай хамт байх байсан болвуу гэж галзуурсан бодол толгойнд орж ирдэг юм. Аймшигтай байгаа биз? Хүн гэдэг байгалиасаа өөрийгөө боддог өчүүхэн амьтан. Би тархины хорт хавдартай гэдгээ хэлсэн бол чи намайг орхиж явахгүй байсан гэдэгт би эргэлздэггүй. Гэвч би чамайг ийм хагас хүний дэргэд амьдралаа битгий үрээсэй гэсэндээ өөрөөсөө түлхсэн. "Би өөр хүнд хайртай" гэж хэлхэд чиний уйлж байсан өчигдөр болсон мэт тод санагдаж байна. Эргээд алхахдаа би эргэж харж чадаагүй. Хэрвээ би эргэж харсан бол дотроо хэдэн мянган удаа тэрсэлдсэн бодлоо тэр чигт нь хаяихаж чадах байсан юм шүү хайрт минь. Чиний эзгүйд хав харанхуйд хорвоод бүдчин алхахдаа эргэж гүйж очоод гарийг чинь атгаад чангаас чанга тэвэрмээр байсан ч чамайг аз жаргалтай байгаасай гэсэн хүсэл минь түүнээс хүчтэй байсан учраас би энэ бүхнийг давж гарсан. Итгэл найдвар сүүлийн мөчид мөхдөг гэдэг. Хэдий чамайг өөрөөсөө түлхсэн ч гэлээ нэг л өдөр миний тухай бүхнийг хэн нэгнээс эсвэл хаанаас ч юм дуулаад хүрээд ирэээсэй гээд өдөржин цонхон дээр чамайг харуулдан зогсдог чимээгүй өдрүүд. Одоо ч чимээгүй хүсэлүүд минь гэсэн хэвээрээ. Гарнаас чинь атгаад нүдийг чинь ширтэх юмсан. Үнэрийг нь холоос ч болсон үнэртээд эргээд 20 той болсон мэт мансуурах юмсан. Чинийхээ хөлөн дээр хэвтээд ертөнцөөс ганцхан удаа тасарч тайвширахсан. Чамдаа өгсөн амлалтуудаа биелүүлэх юмсандаа хайрт минь. Хойт нас гэж байдаг гэдэгт би итгэдэг болсон. Хэрвээ надад боломж олдвол чинийхээ дуртай бороо болоод өдөржин дэргэд чинь шаагина. Хөөрхөн нүдэн дээр чинь, ялдам уруул дээр чинь, анхилуун хүзүүнд чинь дусал болоод шингэхсэн. Хэрвээ бороо орвол хайрт минь намайг гэж бодоорой. Тэнгэрээс буух дусал бүрийг зөвхөн чамд зориулсан гэж бодоорой. Би чамд өөрөөсөө илүү хайртай юм шүү...

Миний халаасанд өөрөөсөө 30 жил нуусан нууц минь байна. Үнэн эсэхийг мэдэхгүй ч би зөвхөн үнэн гэдэгт нь итгэсээр ирсэн нууц минь байна. Энэ нууц минь ердөө нэг суран оосортой чиний бугуйн цаг. "Өөр хүнд хайртай" гэж хэлхээсээ өмнө би чиний өрөөнөөс сэмхэн авчихсан нууц. Цагийн зүүг мөнхөд хөдөлгөж чадах намайг гэх чиний хайр хэвээр байгаа гэж итгэсээр ирсэн тэр "нууц". Гэвч би энэ 30 жилд нэг ч удаа харж зүрхэлсэнгүй. Хэрвээ хөдөлж байвал хэзээ ч хамаагүй би чам дээрээ гүйгээд очход бэлэн байсан учраас тэр. Чи намайг хараад танихгүй байсан ч хамаагүй тэврээд сэтгэлээ онгойтол уйлах байсан. Одоо магадгүй зай нь дуусаад зогссон биздээ гэж бодсон ч би нэг удаа ч харж зүрхэлсэнгүй ээ. Эмч намайг дараа сарыг ч тэсч гарахгүй гэдгийг санамсаргүй сонссон учраас өнөөдөр би энд амьдралынхаа хамгийн том нууцыг халаасандаа хийгээд чамтайгаа болздог байсан сандал дээрээ ирсэн байна. Дэндүү харгис хувь тавилангаас сүүлийн гуйх зүйлээ амандаа шивнээд гараа хармайруугаа явуулхад гар минь чичирч байлаа...

1 comments:

  1. цаг нь явж байгаасай...гэж бодогдож байна шүү. кино нтр дээр өвдчихсөн гээд хайртай хүнээ өөрөөсөө холдуулж байгааг хараад бухимддаг байсан , өөрөө дурлаад ойлгодог болж байх шиг байнаа . ( блог нь ийм болсон нь таалагдаж байгаа , би ч гэсэн даган баясдын билүү :) )

    ReplyDelete