Миний тухай

 

+

 

ТАЙЛАЛ

Өвгөн гараа хармайруугаа хийн унагаад алдчихвий гэмээр салгалсаар ямар нэг зүйл баруун гартаа атган гаргаж ирлээ. Тас атгачихсан зүйлээ духныхаа өмнө авчраад нүдээ анин зүүн гараараа баруун гараа атгаад ямар нэг зүйл амандаа бувтнана. Удалгүй алгаа нүүрлүүгээ алгуурхан нээлээ. Одоо 30н жил өөрөөсөө нуусан нууцаа мэдхэд ердөө нүдээ нээх л үлдсэн. "Тэр минь надад хайртай бол одоо хүртэл бугуйн нь цаг нь ажиллаж байх ёстой" гэж дотроо хэлээд алгуурхан нүдээ нээлээ. Хорвоогийн үнэнтэй тулах хүртэлх хэдэн хором... Ус нь ширгэж алга болсон горхи гэнэт бэл даган урсаж эхлэх шиг өвгөний хацрыг даган хүйтэн харуусал урсаж эхэллээ.



"Ажиллаж байна. Ажиллаж байна гээч" гэж хэлээд хүүхэд мэт доороо дэвсэллээ. Суран оосортой хуучин бугуйн цаг нь үнэхээр ажиллаж байлаа. Өвгөн яаж баярлахаа ч олсонгүй модон сандал дээрээс эргээд залуу болсон мэт сэв хийтэл босоод цаашаа алхаж эхлэхдээ нулимсаа арчихаа ч санасангүй. Хараа дээгүүр өөртөө баймгүй хөнгөн шингэн алхаагаар алхалсаар гудамж эргээд алга боллоо. Үүний дараа нөгөө сандал дээр өвгөнийг нүд салгалгүй нууцаар харж байсан настай эмэгтэй ирж суулаа.  Тавь гарчихсан хүний хэв маягаар үрчлээгүй цэвэрхэн цагаан хослол өмсөж доогуураа элэгдэж яажийсан боловч өнгөө алдаагүй цагаан түфл өмсжээ. Миний өмнө нь хэзээ ч харж байгаагүй гунигтай нүдээр газар ширтэнэ. Уртаар санаа алдаад барьж явсан жижиг гарын цүнхнээсээ янжуур гарган асаалаа. Эхний янжуур соролгүйгээр баагаж дуусав. Дараагийнх нь янжуур баагаж дуусаад хурууг нь түлж эхлэхэд ухаан орон янжуураа газарт хаялаа. Эмэгтэй цүнхээ уудлаад маш чамбай эвхсэн жижиг гялгар уут гаргаж ирээд нээн дотроос нь цагны зайнуудын задласан цаасуудыг гаргаж ирлээ. Эмэгтэй уйлсангүй бас гуньсангүй.30 жил хадгалсан нууц үнэндээ өвгөний хармайнд биш энэ эмэгтэйн сэтгэл дотор зүү мэт шигдэж сэтгэлийг нь хайр найргүй сийчсээр 30 намарыг үджээ. Өөрт нь хайргүй гэдгийг мэдсээр байсан боловч дэргэдээс нь алхам ч холдоогүй 30 намар. Урт шар намруудын үнэ цэнийг түүнээс өөр хүн мэдээгүй.

ТӨГСӨВ.

Дээрх бяцхан өгүүллэгээ 30 намрын гэгээн дурсгалд хүргэвээ.