Миний тухай

 

+

 

Тараг бүрэх цагаар

Тарганд нугасгүй дуртай хүүхэд байж билээ. Элсэн чихэргүй элдэв янзын нэмэлт амтгүй уужим талын хөх салхи нь шингэсэн ганцхан манай эмээгийн бүрдэг тэр тарагны амт одоо ч сэтгэлд ойрхон. Эхлээд нэг аяга ууна. Дараа нь дахиад нэгийг.. Дууссаныхаа дараа аягаа гялалзтал долоогоод эмээг дахиад тарга бүрэхийг нь хүлээж нүд салгалгүй дагуулж харна. Хэдэн настай байсныгаа огт санадаггүй ч хүүхэд наснаас минь бүдэг бадаг үлдсэн энгийн хэрнээ огт мартагдаггүй дурсамжууд надад бий. Эмээ дараагийн таргаа бүрэх хүртэл би юу ч хийхгүй зөвхөн эмээг л харж хөдөлгөөнгүй сууна..


Үүнээс хойш олон жил өнгөрсөөн.. Өнөөдөр хүртэлх энэ олон өдрүүдэд би олон газраар явж олон хүмүүстэй уулзсан. Цаг хугацааны чимээгүй хирнээ хүчирхэг давалгаанд бид өдөр бүр өөрийн мэдэлгүй цохигдож, цохигдох тутмаа өөрчлөгдсөөр байдаг. Хэдий хүчтэй цохигдсон ч бидэнд хүүхэд наснаас минь огт өөрчлөгдөөгүй үлдсэн зүйлүүд гэж бас бий. Тараг бүрэх цагийг хүлээдэг тэр л хүүхэд насны минь гэмгүй хүлээлт,  олоон жилийн өмнө хамгийн сүүлийн конкурсаа өгчихөөд гэртээ ирж зөөлөн буйдан дээр суугаад гүн амьсгаа авч амьдралын дараагийн зогсоол дээр хэзээ ирэхийг хүлээсэн хүлээлт, гартаа тасалбараа тас атгаад бугуйн цагаа байн байн ширтэж нислэгээ хүлээх хүлээлт...

 Биднээс үл шалтгаалж амьдралын урт замд ямарваа нэгэн зүйлийг бид заавал хүлээх хэрэгтэй болдог. Яг л дөрвөн замын уулзвар дээр улаан гэрэл унтарч, шар гэрэл асаад ногоон гэрэл асахыг хүлээж зогсохтой адил. Гэхдээ амьдралын дараагийн гэрэл аль нь асах вэ гэдгийг бид хэлж мэддэггүй учраас хүлээх хэрэгтэй..  Намайг хүлээгээрэй цаг хугацаа минь..


Бяцхан Пүрэвбазар