Миний тухай

 

+

 

Хоёр Зуун Далан Гурав

Хараа муутай биш хэрнээ нүдний шилнээс огт салдаггүй, өглөө долоон цагт босож орой долоон цагт бусадтай адил нийтийн автобусанд шахалдсаар гэртээ харьдаг энгийн нэгэн залуугийн түүх.



Бүсгүйчүүдийг татах онцгой зүйл Бэхээд огт үгүй боловч  бусдын гоо үзэсгэлэнг олж харах  нүдийг түүнд харамгүй заяасан юм. Таний бодож байгаа зөв. Бэхээ бол дурламтгай залуу. Үргэлж л тийм байсан. Анхныхаа хайртай охиныг Бэхээ хоёрдугаар ангидаа биен тамирын хичээл дээр харж байлаа. Үсээ хоёр салаа сүлжээд үргэлж мөөгний зурагтай сандал дээр суудаг байсан тэр охиныг одоо хаана юу хийж явдаг тухай Бэхээ заримдаа боддог.

Үүний дараа тэрээр маш олон охинд дурласан. Хажуу байрны цэнхэр даашинзтай охин, 2 давхарын өндөр сибирийн нохойтой охин, өглөө бүр сүүнд дугаарлаж зогсохдоо хардаг дээд ангийн эгч, нэг удаа гэр нь эзгүй гээд Бэхээгийнд ганцхан хоносон хамаатных нь оюутан бүсгүйд гээд л дурласан хүмүүсийнх нь тоо нь өдгөө хоёр зуу хол гарсан. Гэхдээ Бэхээ хэнд нь ч хайраа илчилж байсангүй. Жинхэнэ дурлалын шалгуур хэрвээ хоёр хундага дарсаар ходоодруу алгуурхан гулсаж ороод амаар үг болон эргэж гардаг бол Бэхээ хэдэн ч хамаагүй торх дарс залгилхад хэзээд бэлэн. Бэхээ хар элгэн хавтастай дэвтэр үргэлж өвөртлөн явж дээр нь ямар нэг юм байнга бичих бөгөөд түүнийг харсан хүмүүс зохиолч, яруу найрагч гэж андуурна. Чухам үнэндээ олон жилийн дартсанд элэгдэж зөөлөрсөн хар дэвтэрийг сөхөж харвал он сар өдөр, бүсгүйчүүдийн нэр зэргэлдээ нь бас тоонууд харагдана.

.....

"6/24 Хар малгайтай, цагаан цамцтай, өндөр хамартай автобусанд миний өөдөөс харж суугаа бүсгүй" -264

"6/27 Номын санд өмнө нь ерөөсөө харж байгаагүй охин. Түүнийг инээмсэглэхийг хархад би баяртай болдог" - 265

"8/1 Туяа. - 266"

"8/7 Шинээр сургуульд ирсэн математикийн багш Ануударь - 267"

.....

Бэхээгийн өдөр бүр хөтөлдөг энэхүү тэмдэглэлд таний ч нэр орсон байж магадгүй. Гэхдээ тэдний хэн нь ч Бэхээг анзаарч харж байсангүй. Харин нэг удаа Бэхээ дэвтэр дээрх бичигдсэн хүмүүсийн нэгэнтэй л ойртож ярилцаж үзжээ.

Намрын нэгэн өдөр Бэхээ хичээлээсээ тарчихаад гадаа сайхан байсан тул гэрлүүгээ алхаж явлаа. Төв талбай дээгүүр алхалж явтал хөгшин залуу нилээд олон хүн цугласан ямар нэг уулзалт болж байлаа. Бэхээ сонирхож ойртож үзвэл тэдгээр хүмүүсийн ихэнх нь нарны хар шилтэй байх бөгөөд тэдний зарим нь "Хараагүйчүүдэд туслацгаая" гэсэн уриа лоозонгийн самбар барьсан харагдана. Тэдний дунд намрын зөөлөн салхинд үс нь ялимгүй хийсэж, хар нарны шилэн дээрх нарийхан хөмсөгттэй, инээх бүрт нь хараад л баймаар хацрын хонхорхой, хоолойг нь ороосон шаргал өнгөтэй ороолттой нэгэн бүсгүй байлаа. Бэхээ удаан ажиглаж огссоны дараа хэдэнтээ хойлогоо засаж байгаад дэргэд нь очоод мэндэллээ.

"Өдрийн мэнд. Намайг Бэхээ гэдэг" гэж хэлээд гараа сунгахдаа охиныг хараагүй гэдгийг  мартсан байлаа.

"Марал" гэж хэлхэд нь Бэхээ гэнэт санаж гараа буулгаад.

"Их сайхан нэртэй юмаа" гэж хэлхэд Марал хариуд нь

"Баярлалаа. Танийг хоолойг ерөөсөө сонсоогүй юм байна. Саяхан элссэн юмуу"

Бэхээ юу хэлхээ мэдэхгүй хэсэг зогссоноо "Тиймээ, саяхан элссэн" гэж түгдчин хэллээ.

"Аан. Гадаа ч өнөөдөр ёстой гоё байна шүү тээ"

"Тийм байна. Алхаад л баймаар байна"

"Алхах ч гоё шүү. Даанч би тэгж яваад санаандгүй хоёр ч удаа нүхэнд уначихсан юм. Одоо ганцаараа алхахаас айдаг болчихсон байна лээ" гэж хэлээд Марал инээмсэглэлээ. Маралын хүзүүндээ ороосон шаргал ороолт нь Бэхээгийн анхаарлыг яагаад ч юм татаад байлаа.

"Чиний ороолт их гоё өнгөтэй юмаа" гэж хэлэхийг сонссон Маралаа Бэхээ рүү эгцэлж

"Та чинь хардаг юмуу?" гэж хэлхэд Бэхээ сандарсандаа

"Үгүйлдээ гэхдээ гоё цэнхэр өнгөтэй ороолт байна" гэхэд Маралаагийн царай хувьс хийн өөрчлөгдөж

"Ээж надад дулаан өнгөтэй л гэж хэлсэн юмдаа" гайхсан Бэхээ :

"Дулаан өнгөө?"

"Тийм дулаан. Би хараагүй төрсөн юмаа" гэж хэлээд Маралаа дээшээ тэнгэрлүү харж уртаар амьсгаа аваад :

"Тэгээд л би өнгөнүүдийг ингэж нэрлээд сурчихсан юм. Шар, шаргал бол нарны элч шиг дулаан өнгөтэй. Харин цэнхэр бол яг л бороо шиг. Хөх өнгө бол тэнгэр шиг уужим, цагаан өнгө цас шиг зөөлөн хар өнгө бол шөнө шиг чимээгүй. Чи ямар өнгөнд дуртай вэ?" гэж Маралыг асуухад Бэхээ :

"Би бүх өнгөнд дуртай"

"Яагаад"

"Аль нэг нь дутчихвал би тэр дутсан өнгөнд нь дуртай байх учраас тэр" ... Марал хариултыг сонсоод хариу хэлсэнгүй. Бэхээ :

"Хэрвээ чи хараатай байсан бол хамгийн түрүүнд юу хийх байсан бэ" Марал сонсоод хацрандаа хонхорхой гаргаж дур булаам инээмсэглэхэд

"Өөрийгөө толинд ганц удаа ч гэсэн харж чаддаг болоосой" гэж Бэхээ чин сэтгэлээсээ хүсэж байлаа.

"Би юу? Би хамгийн түрүүнд номын сан орноо. Тэгээд Жюль Верны далай доогуур хорин мянган бээр аялсан гэдэг номыг уншина."

Маралаагийн хэлсэн шиг хариултыг Бэхээ хүлээж байсангүй бололтой.

"Яагаад ном уншина гэж?"

"Ном чинь ертөнцийг харах цонх гэдэг биздэ. Манай дүү надад заримдаа хүүхдийн номнууд уншиж өгдөг юм. Сургуульд орхоороо Жюль Верны зохиолыг уншиж өгнө гэсэн"

"Үгүй ээ. Ном ертөнцийг харах цонх бишээ"

"Яагаад?"

"Хоёр хүнийг нэг зүйлийг ажиглаад түүнийхээ талаар төрсөн сэтгэгдлээ бич гэвэл нэг ижил гарна гэж бодож байна уу" гэж Бэхээг асуухад Маралаа хэсэг бодолхийлээд

"Мэдээж үгүй. Өөрийнхөөрөө л тайлбарлах байх"

"Яг тийм. Тийм учраас ном унших гэдэг чинь хүний нүдээр ертөнцийг харах цонх гэж би боддог"

Маралаа мөн л хариу хэлэлгүй хэсэг зогсоод санаа алдаж :

"Гэхдээ мундаг хүмүүсийн нүдээр дэлхийг харах гоё биш гэжүү?" ..

Энэ удаа Бэхээ хариулт хэлсэнгүй.

Клубын ээлжит уулзалтын цаг дуусаж тарах цаг болход Бэхээ Маралын утасны дугаарыг нэг болзолтой авч үлджээ. Тэр нь далай доогуур хорин мянган бээр хамтдаа аялах.

Өглөөний нарантай зэрэгцэн Бэхээ яаран босож хувцаслаад цайгаа уулгүй яаран гарлаа. Үргэлж л нэгэн хэвийн өрнөдөг Бэхээгийн амьдрал өнөөдөр нэг л өөр. Өдөр бүр автобусны буудалруу хүргэдэг гудамжийг Бэхээ хэзээ ч ийм өргөн гэдгийг нь анзаарч байсангүй. "Хөөх өөрийгөө 5 хувьлаад тас сугадалцаад хол хол алхсан ч цаана нь хүн зөрөхөөр том зайтай юмаа" гэж дуу алдав.

140 жилийн өмнө бичигдэж Франц хэлнээс Монгол хэлрүү хөрвүүлэгдэж гарч байсан зузаан хатуу хавтастай Жюл Верны зохиол хотын төвийн нэгэн байрны гадаа Бэхээгийн гарт тас атгагдсан байлаа. Мартагдаж хоцорсон Атлантик хот, далайн гүн доорх ой модод, нууц аралууд,  Энэтхэг ахмад  Нэмогийн орган тоглохоос гарах аялгуу далай доогуур гучин тохойн гүн харанхуйд уянгалсаар.. Хичээлээс гадна огтоос ном уншиж байгаагүй Бэхээд усан доогуурх аялал нь их таалагдав. Эхэндээ Маралыг хараад номоо огт тоохгүй байсан бол дунд хэсэгт нь шимтэн орж дуусах хүртэл нь бараг амандаа шивнэж уншиж дуусгалаа.

Марал Бэхээг хүлээсэн эсэхийг хэлж мэдэхгүй юм. Ямар ч байсан Бэхээ дахиж Марал дээр очоогүй. Үүнээс хойш автобусанд, гэртээ, сургууль дээрээ гээд хаа ч явсан Бэхээ үргэлж  ном унших болжээ. Удалгүй гэртэйгээ ойрхон номын санд гишүүнээр элсэхэд зуны моддын эхнийх нь навчис модноосоо тасран хийсэж эхлэж байлаа.  Номын хуудас бүрт нуугдах шинэ адал явдал, өөр ертөнц, өөр хүмүүс угтаж цаашаа ихийг бүр ихийг унших хүсэл улам бүр дүрэлзэж байв. Үргэлж өвөртөө хийж явдаг дэвтэрээ ч авч явахаа больж харааны биш ч том дөрвөлжин араамтай шил зүүх болжээ. Харин хар элгэн дэвтэрийн хамгийн сүүлд  Марал - 272 гэж бичсэн байлаа.

Малгайлан хаялах цасан доор хотын нэгэн хөл хөдөлгөөн ихтэй гудамжинд хүмүүс хөөр баяр дүүрэн алхлана. Он солигдох сүүлчийн даваа гарагийн үдэш Бэхээ алхсаар номын санд ирлээ. Үүдэнд гадуур хувцасаа өгчихөөд номын санч дээр очиж уншиж дууссан 3 номоо эргүүлж өглөө.

"За Бэхээ өнөөдөр ямар ном авах вэ"

"Салхинд туугдагсад байгаа боловуу"

"Монгол хэл дээр орчуулагдаагүй шүү дээ хүү минь. Эгчид нь англид хэвлэгдсэн хувилбар нь байгаа" гэж хэлснээ номын санч хижээл насны эмэгтэй Бэхээг нухацтай ажаад

"Хэрвээ чи цэвэрхэн уншаад эргүүлж өгнө гэвэл надаас аваарай" гэж хэлэв.

Номын санчийг хэр барагийн хүнд сайхан зан гаргад байдаггүйг Бэхээ сайн мэднэ. Маргааш өглөө Бэхээг ирхэд нь "Gone with the Wind" by Margaret Mitchell гэсэн шар хавтастай шинээрээ шахуу номыг номын санч эргэлзэн байж өглөө..

Дөрвөн өдрийн дараа номыг эргүүлж өгөхөд нь номын санч эргүүлж тойруулж нягт нямбай хараад хуудсыг нь хүртэл эргүүлж шалгаж үзэв. Бэхээг ямар нэг зүйл хэлэхгээд байгаа нь харцнаас нь илт байхыг номын санч анзаарч

"За хэл. Өөр ямар ном уншмаар байна"

"Тунгалаг тамирыг авч уншмаар байна" гэхэд Номын санчийн онигор нүд нь нүдний шилнийхээ цаанаас бүлтрээд гараад ирэхнүү гэмээр томорч

"Гадаад зохиолоос яасан амархан уйдаж байх юм та"

"Их сайн бичигдсэн түүхэн роман гэж түүхийнхээ багшаас сонссон юмаа" гэхэд номын санч толгойгоо сэгсэрч

"Үгүй мөн сонин юмаа"

"Юу сонин гэж?"

"Нэг охин чиний өмнө наад номнуудыг чинь авч уншсан юм. Дараалал нь өөр л дөө"  гэхийг сонссон Бэхээгийн царайнд сонирхож шохоорхсон дүр тодроод номын санчид мэдэгдүүлэхгүй
гэж уруулаа үл мэдэг жимийснээ

"Тиймүү. Хэн гэдэг нэртэй охин юм бэ?"

"Та яахнуу"

"Яахавдээ зүгээр л мэдэх гэсэн юм"

"Марал" гэдэг нэрийг сонсоод Бэхээ хүн дэргэдээс нь гэнэт хүн нудраад авах шиг цочив..

Гэрлүүгээ харих замдаа Бэхээ хараагүй Маралаагийн тухай бодлоо.

"За хорвоогийн олон Маралаануудын алийг нь тэр гэхэвдээ" гэж өөртөө хэллээ. Цас бударсан энэ шөнөөс хойш жигтэй явдлууд Бэхээгийн амьдралд өрнөж эхэллээ..

Уншихаар шийдсэн ном бүрийг Маралаа авч уншсан төдийгүй заримыг нь ердөө хоёр хоногийн өмнө авсан байлаа. Нууцлаг уншигчийг харах хүсэл бэхээгийн эд эс бүхэнд оршиж шөнө ч өдөр ч боддог зүйл нь ганц Маралаа боллоо.  Бэхээ элэгдэж муудсан хар элгэн хавтастай дэвтэрээ гаргаж ирээд Маралаа гэсэнээ хаалтан дотор "номын сан" гэж бичээд ард нь 273 гэж бичлээ.

Бэхээ ямар ч арга хэрэглэж гуйсан номын санч Маралаагийн тухай юу ч хэлсэнгүй. Харин нэг өдөр Бэхээг ирхэд нь номын санч их нухацтай хараад бараг шивнэх шахам

"Маралаа хагас цагийн өмнө ирсэн уншлагын танхимд байх ёстой" гэж хэллээ.

Бэхээгийн зүрх бөмбөр мэт цохигдож, уншлагын танхимруу өгсөх шатаар явхад хэн нэгний энгэсэг үнэртэхэд бүр мансуурах шиг болов.

Бэхээг уншлагийн нам гүм танхимд орход нүдний багцаагаар хориод хүн сууж байсан бөгөөд тэдний хагасаас илүү нь цаашаа харж сууж байлаа.

Бэхээ орой болтол сууж номын сангаас гарах хүн бүрийг ширтэхийг хичээсэн боловч хоёр бүсгүйн царайг харж чадсангүй. Үлдсэн бүсгүйчүүд "Маралаа" байхад хэтэрхий энгийн байсан юм. Номын сан хаах цаг нь болход Бэхээ доошоо бууж номын санчаас асуувал Маралааг гарч явахыг хараагүй ажээ.

Бэхээ үүнээс хойш өдөр бүр ирж номын санчаас асуух боловч Маралаа ном авснаас ердөөсөө дахиж суугаагүй гэнэ. Бэхээ гэрлүүгээ автобусаар явахын оронд алхдаг болжээ. Гишгэх бүрт гутлан дор чихрах цас, гудамжийг гэрэлтүүлэх шонгийн модод, тэдний доор зогсоод зөөлөн будрах цасан ширхэгүүдийг гэрэл доор ажиглан зогсох мөчид энэ ертөнц тэр чигтээ зогсчихсон мэт Бэхээд санагдана.

Ингэж зогсохдоо Бэхээ Маралаатай уулзахын тулд нэг жигтэй санаа бодож олжээ. Маргааш эртлэн босож номын сан дээр очоод Маралаагийн аваагүй байгаа номны нэрийг хэлээч гэж номын санчаас аминчилж гуйв. Номын санч энэ удаад Маралаагийн аваагүй байгаа хэд хэдэн номнуудын нэрийг хэлж өгөв.

Бэхээгийн толгойнд ганц асуулт эргэлдэнэ. Яг алийг нь Маралаа авах вэ?

Бэхээ үзэг цаас цүнхнээсээ гаргаж ирээд бичлээ :

"Сайн уу, энэ зурвас очих өдрийн мэндийг хүргье. Хэрвээ та яг одоо уншлагын танхимд сууж байгаа бол би таний ойр хавьд сууж байж магадгүй. Гэхдээ хайх гэсэний хэрэггүй. Би танийг танихгүй, та ч намайг хараагүй. Танийг зөвшөөрвөл таньтай уулзаж уншсан номнуудын талаар ярилцахыг маш их хүсэж байна. Та зөвшөөрвөл номын сангийн урд тав дахь өдөрийн оройн 19 цагаас ирээрэй. Би танийг хүлээх болно"

-Бэхээ 

гэж бичлээ.

Үүнийгээ нэгэн монгол романы дунд хавчуулаж номын санчид буцааж өглөө.

Хүсэж хүлээсэн тав дахийн наран хэвийж гудамны гэрлүүд асаж эхлэхэд Бэхээ бугуйн цагаа харвал 18 : 34 болж байлаа.. Час хийсэн халуун, чихэргүй американо ойролцоох кофений өөртөө Маралаад бас нэгийг авч номын сангийн үүдэнд ирлээ.

Энэ үдэш ер бусын тогтуун үдэш ажээ. Тун удалгүй Бэхээгийн ар мөрөн дээр нь хүн хүрэх шиг болход Бэхээ эргэж харлаа.

Бэхээгийн хүлээж байсан шиг бүсгүй Маралаа биш байлаа. Гартаа өнөөх романыг барьсан дундаж өндөртэй бүсгүйд Бэхээ юу ч хэлэлгүй халуун американог гарт нь атгуулаад эргэж хараад нүүрэндээ инээмсэглэл тодруулан алхаж эхэллээ. Гэртээ ирээд Бэхээ өнөөх хар элгэн дэвтэрийнхээ үлдсэн бүх хуудсыг урж хаясан юм.

Nomin Talst - Tsas Hayalsan Udesh by muundu