Миний тухай

 

+

 

Зөнч

Үдшийн арван есөн цаг болоход бүсгүйг хотын хөл хөдөлгөөн багатай нэгэн уушийн газрын хаалгаар орж ирнэ гэдгийг зөнч мэдэж байлаа.  Зуны нарлаг өдөр өмсөхөөр урьдаас бэлдсэн биеийг нь барьсан цагаан даашинздаа багтах гэж бүтэн өдөр хэлэн дээрээ зүсэм ч талх тавиагүй гэдгийг хүртэл мэдэж байв. Зөнч бугуйн цагаа хараад арван есөн цаг болоход хэдхэн хором дутуу байгаа анзаараад нүдээ алгуурхан аниад дотроо тоолж эхэллээ. Тав, дөрөв, гурав ...



Хагас дутуу шүүрдсэн шалан дээрх өлөн тоос хаалга онгойхтой зэрэгцэн тааз өөд бүжиглэн дэгдэх нь шалан дээр туссан нарны хурц гэрэлд тодхон харагдана. Бүсгүй орж иржээ. Зөнч бүсгүйг анх удаа харах энэ мөчид үргэлж инээмсэглэнэ гэж боддог байсан ч тэгсэнгүй.     

Зөнч ерөөсөө л бүгдийг урьдаас мэдчихдэг хүүхэд байв. Эмээгийнх нь аяганы шүүгээгээр дүүрэн байдаг будаан товруутай цэнхэр заантай шаазангуудыг хэзээ хагарахыг, гэрийнх нь гудамны ойролцоох хуучин шавар байшингуудын ханан дээр хэний нэрс эв хавгүй зурсан зүрхний голд хадаасаар арилшгүй бичигдэж, бяцхан болжморууд тэдгээр ханан дээр эрээ цээргүй эрээчдэг хүмүүсийг юу гэж тохуурхан жиргэдгийг ч төвөггүй тайлаад урьдаас мэдчихдэг байжээ. Эдгээр ер бусын жигтэй үйл явдлууд эхэндээ бяцхан хүүд их сонирхолтой санагддаг байсан ч арван зургаан насных нь төрсөн өдрийн лаагаа үлээснээс хойш амьдрал нь тэр чигтээ өөрчлөгдсөн юм. Зөнч яг арван зургаан нас хүрэхдээ бүхнийг мэддэг болжээ. Хэрвээ уулзвар дээр улаан гэрэл асаж байвал түүний дараа шар гэрэл асаж харин дараа нь ногоон гэрэл асахыг бид урьдчилан мэддэгтэй адилхан Зөнч өөрт тохиолдох бүх зүйлийг цагаас нь эрт олоод мэдчихэж.

Хэрвээ амьдралын алхам бүрийг биччихсэн ном дэлгээстэй тааралдвал бид унших болов уу, харамсалтай нь зөнчид сонголт байсангүй. Өөрийнхөө үлдсэн бүх амьдралыг анхааралтай нүдэндээ гүйлгэж харж дуусаад удаан гэгч нь санаа алдаад зөнч тайвширчээ. Энэ л өдөр "ирээдүй" гэх борооны саарал үүл нүдэн дээр нь сарнин арилж цэлмэсэн тэнгэр доорх бүх зүйл харцанд нь ил, нам гүн болж тэртээ хол аниргүйд сүмийн хонх цохих бүүр түүрхэн сонсогдох шиг тийм нэг тайван болжээ.

Зөнчийн нууц чадварыг өөрөөс нь өөр хэн ч үл мэдэх учраас тэрээр ажлаа тараад гэртээ харих сэлүүхэн гудамжаар сэтгэл уужуу алхах зуураа сугалаа сугалах эсвэл аль нэг том хонжвортой тэмцээнд үр дүнг нь урьдчилж тааж бооцоо тавих талаар хий л бодон алхах авч тэгж бодсон даруйдаа инээмсэглэн толгойгоо сэгсэрч орхино. Зөнч нас ахих тусам хүмүүстэй элдвийг ярилцаж суухаас илүү холыг ширтэж бодон суух дуртай нэгэн болжээ. Үргэлж нүдээ онийлгон, бага зэрэг бөгтийн явдаг дуу муутай залуугийн толгойд юу эргэлдэж байдгийг хэн ч мэддэггүй, сонирхдог ч үгүй байсан учраас түүнд дотны найз нөхөд гээд хэлчихмээр хүмүүс байсангүй. Хорин нэгэн настайд нь эмээ нь өнгөрснөөс хойш төрсөн өдрийн лаагаа ганцаараа үлээжээ. Нэг бялуу, нэг лаа, нэг хүн. Эмээ нь өнгөрсөн ч гэсэн зөнч энэхүү уламжлалаа таслаагүй юм. Нагац ахынхаа эхнэр хүүтэй нь хамт тэмдэглэж болох ч Зөнч энэ өдрөөр мөн л ганцаараа байхыг илүүд үзнэ. Том шанаа, түүнийг нь даган ургасан өтгөн ширүүн сахал, өргөн цээж урт гартай нагац ахынх нь ган төмрийг хайлуулахаар цогтой харц нь зөнчийг харахаараа л торго мэт зөөлөрнө. Нэг их зүйл ярьдаггүй боловч нагац ах нь зөнчид ер бусын ямар нэг зүйл байгааг гадарладаг ч байсан уу ямартай ч амралтын өдрүүдээр бүхэлд нь унтаж өнгөрөөчхөөд шөнө дөл болохоор гараад явчихдаг нагац ах нь  дүүгээ хаана байсныг нь асууж шалгаадаггүй байлаа.    

Нэгэнт л өөрт нь тохиолдох бүхнийг урьдаас харчихсан хойно эгэл хүний өдөр тутмын амьдралын аар саархан ажил, тэдгээр ажлуудыг насанд туршид хүзүүнээс хүлж орхидог цаг хугацааны хүнд бат бөх гинжин хүлээснээс чөлөөлөгдсөн зөнчийг сэтгэлийг юу ч үл баярлуулж, ямар зүйл ч үл эмзэглүүлэх авч тэрээр ганцхан өдрийг, тэр нэгэн бүсгүйтэйгээ уулзах зуны бүгчим өдрийг хүлээж байжээ. Хэдийгээр амьдралдаа тохиолдох бүх зүйлийг урьдчилаад харчихсан боловч тэр нэгэн бүсгүйтэй уулзах гурван өдрийг зөнч яаж ч хичээгээд урьдаас харж чадаагүй юм. Тэр ч бүү хэл бүсгүйн хаана юу хийдэг ядаж нэрийх нь эхний үсгийг ч урьдаас харж чадаагүй.

Хотын нэгэн олон давхар хорооллын аравдугаар давхар гурван өрөө. Бүсгүйн гэр. Үүрийн таван цаг..
Хоёр таваг, хоёр аяга, хоёр дарсны том шилэн хундага, нэг ор, нэг шүдний сойз. Гурван өрөөний хоёр өрөөний хаалга хаалттай байх бөгөөд үлдсэн өрөөнд нь голлуулж тавьсан хоёр хүний том орон дээрээ бүсгүй бөх гэгч нь нойрсоно. Орны баруун талын ханыг хувцасны үлэмж шүүгээ эзлэх агаад харин нөгөө талын ханыг нь шалнаас тааз хүртэл босгосон өндөр тавиур, тавиур дээр нь пянзнууд зайгүй шахам нягт өрөөстэй. Хоёрт метр орчим өргөнтэй уг тавиурын хажууд гарын шүүгээ байх бөгөөд түүн дээр нь пянз тоглуулагч тавьжээ.

Бүсгүй нойрноос сэрэн цонхоо онгойлголоо. Удалгүй тамхины зузаан утаагаар татагдсан хөшиг алгуурхан сарнив. Гадаа үүр цайхад хэдэн хором дутуу ажээ. Шөнөжин эзэгнэсэн түнэр харанхуй тэнгэрийн хаяагаар гулсан одоход наран ургах хараахан болоогүй байлаа.  Шөнө, өглөө тэнцэх орчилд нар саранд алинд нь ч үл харъяалагдах гүн цэнхэр тэнгэрийн өөрийнхөө өнгөөр туяарах  хэдхэн хормыг бүсгүй харж зогслоо.

Удалгүй үүр цайв. Эмх цэгцтэй зөвхөн өөрийнхөөрөө тохижуулсан ганц бие бүсгүйн өрөө нь өглөөний нарны гэрэлд бүр ч илүү тухтай болсон санагдана. Өчигдрийн амраглаж хоносон эрийн орон дээр орхиод явсан тамхинаас нэгийг гаргаж аваад дэргэд нь байсан шүдэнзийг зурж асаагаад хатаж омголтсон уруулдаа зуулаа. Уушги нь утаагаар дүүрэхийг мэдрэхдээ бүсгүй ер бусын тайвширахад гарын алганаас бяцхан амь хэвлий дотроос нь зөөлхөн түлхэхийг зөнгөөрөө мэдэрлээ.

"Чамд ч бас өглөөний мэнд!" гэж бүсгүй амандаа хэлэв.

Бүсгүй угаалгын өрөө орж гарч ирээд нүүрээ будлаа. Тод өнгө ашигласангүй. Нүүрээ толинд хараад юунд ч юм их санаа алдсанаа бүсгүй угаалгын өрөөнд эргэж ороод цаг гаран болоод гарч ирэхэд нь үснийх нь өнгө нь хөх ягаан болжээ. Бүсгүй үснийхээ өнгийг өөрчлөхдөө огтхон ч эргэлздэггүй, энэ удаа ч адил. 

Унтлагын өрөөний нэг талын ханыг тэр чигт нь тэгнэн эзэлсэн хувцасны шүүгээгээ бүсгүй онгойлгоход хими цэвэрлэгээгээр цэвэрлүүлж тус бүрт нь уутанд хийж бэлдсэн хослолууд эгнэсэн харагдана. Тэдгээрээс нэгийг нь сонгож өмсөөд доогуураа ямар ч эмэгтэй хараад атаархдаг нарийхан шилбэндээ төө хэрийн өндөр арьсан гутал өмсөв. Үүдний өрөөнд хана налуулж тавьсан зөөлөн буйдан дээр шидсэн ажлын цүнхээ гартаа барих гэснээ больж буйдан дээрээ үлдээгээд гарахдаа үүдний өлгүүр өлгөөтэй байсан жижиг гар цүнхнээсээ машины түлхүүр хэтэвчээ аваад гарлаа.

Бүсгүйг хаалгаа нээн гарахад үүдэнд нь хөрш хүүхэн гэрийнхээ халадтай тамхи татан зогсож байлаа. Хэзээ нэг бухимдахаараа хөршийгөө ингэж зогсдог гэдгийг бүсгүй сайн мэднэ.

“Ажилдаа гарах гэж байна уу” гэж асуухад нь бүсгүй гартаа цүнхээ бариагүйгээ санаж
“Үгүй ээ. Ойрхон гарах гээд л”
“Яасан эрт гарч байх юм” гэснээ хөрш хүүхэн бүсгүйн гарт байгаа түлхүүрлүү нь харснаа
“Машин чинь гайгүй идэж байгаа биздэ?”
“Дажгүй дээ” гэж хэлээд бүсгүйг үл мэдэг санаа алдахыг хөрш хүүхэн анзаарч
“Идээд байвал найздаа хямдхан өгчихөөрэй” гэж хэлэхийг нь  бүсгүй сонсоод хөршийн хүүхний нүд рүү нь эгцэлж харснаа удалгүй дальдчиж
“За би явлаа” гэж хэлээд гэрийнхээ хаалгаа цоожлоод шатаар уруудлаа. Хөрш хүүхнийх нь гялалзсан нүд араас салгалгүй ширтэж байгааг бүсгүй мэдэж байлаа. Хааяа нэг шатан дээр тааралдахдаа үс зүс, өмссөн зүүсэн бүр гутал дээр нь тогтсон тоосыг хүртэл нарийн ажиглаж амждаг хөршийнхөө хүүхний зальжин харцанд битүүхэн атаархал хоргодон байдгийг бүсгүй сайн мэднэ.

Бүсгүй цахилгаан шатаар байрныхаа доор байх машины зогсоолруу буугаад суудлын жижиг тэргэндээ суулаа. Бүсгүйн сэтгэлд яг тохирсон авсаархан,цагаан өнгөтэй суудлын тэрэг нь түүний өдөр тутмын амьдралаас авдаг өчүүхэн сэтгэл ханамжуудын нэгээхэн хэсэг нь болдог билээ. Түлхүүрээ эргүүлэн цонхнуудаа буулгаад Робби Уилламсын сидиг хийж “Мандалая хүрэх замыг” сонсож эхэллээ. Хажуу талын суудал дээр үлдээсэн, нүүрнийх нь талыг тэр чигт нь таглачихдаг нарны хар шилээ авч зүүгээд хөдөллөө.



Үргэлжлэл бий