Миний тухай

 

+

 

Зөнч - 2

Хоорондоо өнгө будаг, өндрөөрөө ялгаатай хотын олон хорооллын дундуур сүлжин давхисаар бүсгүй гурван давхар эмнэлэгийн өмнө ирээд зогслоо. Эмнэлгээс баруун зүгт холгүйхэн байх нийтийн орон сууцны өмнөх тоглоомын талбайн овоолж асгасан элсэн дээр тоглох хүүхдүүд, байрныхаа дэлгүүрлүү битан саваа барин алхах эмээ өвөө хоёроос өөр хүн ойр хавьд нь үгүй ажээ. Удаан хүлээлгэсэн хаврын урь аль хэдийн орж тэр чинээгээр хүмүүсийн царайнд хөнгөхөн инээмсэглэл тодорч, хэзээ нэг өвлийн өдөр багачуулд баяр хөөр авчран тэнгэрээс зөөлөн унаж байсан цасан том том цасан ширхэгүүд хүмүүсийн хөлд гишгэгдсээр зузаарсан нь нэгэнтээ хаврын наранд хайлж энд тэндгүй шавар шавхай болжээ.




Бүсгүй эргэн тойрноо хянамгай нэг тойруулж хараад машинаа унтраагаад хэсэг суув. Яагаад ч юм машинаасаа гармааргүй санагджээ. Яг ингээд л Робби Уиллиамсыг сонсоод хөдлөгөөнгүй суугаад баймаар санагдав. Машины нарнаас халхлагч дээрх жижигхэн толийг буулгаж өөрийгөө хараад хэсэг сууснаа нарны том хар нүдний шилээ авлаа. Бүсгүйн илчгүй хүйтэн харцанд сэтгэл хөдлөлийн ул мөр юу ч үзэгдсэнгүй, өөрийнхөө тусгалыг үхмэл харцаар ширтэж хэр удаан сууснаа ч мэдсэнгүй. Машиных нь толь нь тас хийх чимээнээр бүсгүй цочин харвал томоо гэгчийн сагсаны бөмбөг урдхан талд нь өнхөрч харин элсэн дээр тоглож байсан жаалуудын хамгийн мариалаг нь байшингийн булангаар хамаг хурдаараа бондогнон гүйж орохыг харахдаа бүсгүй тэсэлгүй инээчхэв. Өөрийг хэн ч хараагүй мэдэж байсан учраас бүсгүй өөрийнхөөрөө эв хавгүй тас тас хөхөрлөө. Хугарсан толио харж хөгжилтэй инээх бүсгүйн баяр баясалэмнэлгийн хаалга онгойн хэн нэгэн хүн гарч ирэхтэй зэрэгцэн салхинд хийсчих шиг болов. Эмнэлгээс гарч ирсэн биен тамирын хувцастай хижээл насны эрэгтэй халааснаасаа тамхи гарган асаах зуураа бүсгүйг илт сонжсон нүдээр хархад бүсгүйн аз жаргалтай инээмсэглэл бүр ор мөргүй алга боллоо.



Бүсгүй урамгүйхэн нүдээ аниад сэтгэлээсээ хамгийн сүүлд хэзээ ингэж инээснээ нэхэн саналаа. Гарын арван хуруунд багтахааргүй олон жилийн өмнөх яг хаврын энэ өдөр шиг өөр нэг өдөр бүсгүй сургууль руугаа алхаж явахдаа хэн нэгнийг хараад гараа даллан инээмсэглэжээ.

Нимгэн хятад шаахай, энгэр нь үүл мэт цагаан эмжээртэй  сургуулийн хөх форм түүнийг дагаж унжсан өөгүй самнаж сүлжсэн үс, энгэсэг хүргэж үзээгүй булбарай арьс, нимгэн хэрнээ зөөлөн уруул дээрх инээмсэглэлийн эзэн нь түүнрүү ирж явлаа. Дунд сургуулийн найз залуутайгаа бүсгүй өдөржин цэцэрлэгээр хөтлөлцөж алхан элдвийг ярилцаж алхах тэр мөчүүдээ нэхэн санахдаа уруул нь жирвилзэн хэсэг хөдлөснөө хөмсөгөө атируулж цаашаа үргэлжлүүлэн санахыг оролдлоо. Алс холд болж өнгөрсөн үйл явдлууд ээлжлэн нүдэнд нь үзэгдэж эхэлжээ. Салхинд хийсэх даашинз, нарны тос бас шил, аялалд зориулж ороосон хэтэрхий буржгар үс, хоёр таваг, хоёр сэрээ,  халуун нар, машины сүүдэр, хөгжилтэй гадаад дуу, гол, хуурай алчуур, хээрийн хоол, гитарын дуу, сар мандах зүгт хоёр харц, зуны шөнө. Тэр зуны шөнөөр бүсгүйн чихэнд хоногшсон үгс, түүнийх нь үнэр бас зүгээр л нүдээ аниад алгуурхан дөхсөөр үнсэхэд төрдөг тэр мэдрэмж бүсгүйн сэтгэлд амтагдах шиг болжээ. Зуны хамгийн сүүлийн өдрийн энэ болзооноос хойш бүсгүй найз залуугаа харсангүй. Цагаан зам тэнгэрт татуулсаар юу юугүй холдон одох онгоцыг бүсгүй маш тайван харан зогсжээ. Залуу очоод захиа бичнэ гэж хэлсэнгүй бүсгүй ч асуусангүй. Бүсгүй залууд хоёр удаа захиа бичсэн ч алийг нь ч явуулалгүй гэртээ байх хамгийн зузаан номныхоо завсар хийгээд орхижээ. Залуугийн тухай бодлуудыг ч бас тэр зузаан номон завсар хавчуулаад орхичихмоор байсан ч чадсангүй. Ингэсээр нэг мэдхэд төгсөх жил ирж хичээлд дарагдаж бүтэн жил орой болтол суусны үр дүн гарч ердөө хоёрхон хувиарлагдсан гадаадад суралцах эрхийн нэг нь оногдох нь тодорхой болжээ. Хувиараа сонгохдоо ганцаараа шууд явж ороод гадагшаа сургуульд явна гэдгээ хэлтэл ширээн дээрх бичиг цаасцаас огт нүдээ салгахгүй байсан сургалтын албаны хижээл насны эр гайхан хараад эцэг эхээ дууд гэж хэлтэл бүсгүй толгойгоо сулхан эргүүлж 
“Байхгүй ээ” гэж хэлэхдээ залуугийн сууж одсон онгоцны араас харж байсантай адилхан төмөр мэт хувиралгүй байлаа. Хамаг л гэх хэрэгтэй юмаа хийж багласан жижигхэн цүнхээ дааж ядан галт тэргэнд суухад нь гаргаж өгсөн ганц хүн нь хөл муутай эмээ нь байжээ. Алс холд өнгөрүүлсэн эхний хэдэн жилүүд хэцүү байсан ч бүсгүй мэрийсээр гурав дахь жилээсээ хөлөө олов. Таваг угаагч, угаалгын өрөө цэвэрлэгч, асрагч, үүдний хүлээн авагч гээд олон ажил хийж олон хөлийн газар хүнтэй яаж харилцах, олсон хэдэн төгрөгөө хэрхэн зарцуулах, илүүчлэн эмээдээ өгч явуулах гээд өдий төдий юм сурж мэдэхдээ хэнээс ч тусламж асуусангүй. Өдөр хоног ээлжлэн хөвөрсөөр нэг мэдхэд сургуулиа төгсөх өдөр нь иржээ. Бүсгүйн огт хувиралгүй царайг догдолж баярласан төрхөөр солигдох мөчийг дөрвөн жилийн эцэст нь нэг харах нь гэсэн ангийнх нь хүүхдүүдийн горьлого ч талаар болов. Төгсөлтийн оройны баярын үдэш эмээгээ бурны оронд одсоныг хөрш нь утасдаж хэлэхийг сонсохдоо эмэгтэй хүнийх гэхээргүй ган болдоор бүрсэн төмөр зүрх нь хумигдан зангирхад бүсгүй нулимс унагаагүй ч тэр орой нь дэрэндээ бусдад сонсогдолгүй нэвтэртэл уйлжээ. Нэгэнт буцаад очход хүлээж байгаа хүн байгаагүй учраас бүсгүй харих гэж яарсангүй. Нэгэн хувийн хэвлэлийн газарт орж хэсэг ажиллаж тэндээсээ халагдаж өөр бас нэгэн хэвлэлийн компаньд орж тэндээ редактор хүртэл дэвшижээ. Бүсгүй нэг удаагийн ээлжийн амралтаар европын орнуудаар аялахаар төлөвлөж, даргаасаа чөлөө хүсхэд амралтынх нь хоногоос хэдэн хоногоор илүү гарч зөвшөөрсөнгүйд шууд өргөдлөө өгч ажлаасаа чөлөөлөгджээ. Бүсгүй гэртээ ирээд хоёр хоног юу ч хийлгүй хөргөгчиндөө байсан бүх зүйлээ идэж дуусаад бүх зүйлээ зараад европын аялалдаа гарчээ. Гэрэл зургийн аппарат, нарны шил, жижиг гар цүнх, халуунаа барьдаг кофены том аяга, хоёр ширхэг уран зохиолын зузаан ч биш нимгэн ч биш ном авч аялалдаа гархад бэлэн болов. Дарсаараа алдартай Чехийн Моровиа, хөгшин европын хамгийн амгалан нийслэлүүдийн нэг болох Швейцарын Берн, Францын Марсэйл бүр хойд Исландруу аялжээ. Аялалын олон хоногууд дундаас Веницд өнгөрүүлсэн шөнө удтал мартагдаахгүй урт шөнө болов. Эхлээд бүсгүй уламжлал ёсоор түүх дурсгалын газруудтай танилцаж өдөржин явсаар орой болход хотын төвөөс буйдхан уушийн газар хоол идэхээр суужээ. Усан дээр хөвөх том жижиг завьнууд, хуучны барилгууд, усанд ойж харагдах хотын гэрэлтүүлэг, сонгодог хөгжмийн аялгуунд аманд ороод л хайлах бяслагны амт энд бүгд бүсгүйн төсөөлж байсан тансаг ажээ. Оройн хоолоо идэж дуусаад араас нь цагаан дарс захиалж хотын намуухан дуунд эрэг дээр ганцаараа сууж байхад хэн нэгэн дэргэд нь суухыг мэджээ. Буржгар үстэй дунд зэргийн нуруутай итали залуу бүсгүйрүү харан ямар нэгэн хөгжилтэй зүйл ярих нь дууных нь өнгөнөөс илт ажээ. Чухам юу яриад байгааг нь ойлгоогүй ч бүсгүй сонсоод л суумаар санагджээ. Эргийг дагасан худалдаачид орой далай эргийн зочид юу худалдаж авдагыг тун сайн мэдэх аж. Залуу эргийн худалдаачнаас хоёр цаасан аяга, усан үзмийн улаан дарс мөн хар шоколад худалдаж авчээ. Уух тусам зөөлрөх дарсны амт, буйдхан далайн эргэ, огт танихгүй залуугийн ойлгомжгүй яриа бүсгүйд огцом таалагдаж эхлэхэд өөрөөсөө цочих шиг болов. Гэхдээ бүсгүй Венецд хоносон цорын ганц шөнөө танихгүй залууд зориулсан. Нэрийг нь ч мэдээгүй, зүгээр л нэг шөнийг зугаатай өнгөрүүлэх хүслийг нь гүйцээсэн хямдхан хүүхэн гэж өөрт нь бодогдсон боловч бүсгүй харийн залуугийн өвөрт тэр шөнийг өнгөрөөгөөд өглөө сэмхэн гарч буудалдаа ирээд нам унтжээ.

Бүсгүйн аялал Веницээр өндөрлөж нутаг буцсаны дараа үе үе эргэн санагалзсан зүйл нь үүргэвчээ үүрээд дуртай хөгжмөө сонсоод очиж үзээгүй газраа огт танихгүй хүмүүсийн дунд алхаж явахад төрдөг тэр бяцхан айдас түгшүүр дун дахь эрх чөлөөтэй, адал явдалтай яг л үлээгээд хэдхээн хором хөөрөөд агаарт сарнин одох хөөсийг харж зогсохтой ижил мэдрэмж нь байжээ.  Бүсгүйн зовж зүдрэн байж хуримтлуулсан мэдлэг,  хоёр хэлээр чөлөөтэй ярьдаг давуу талууд нь ажлын ярилцлагуудыг төвөггүй давж гархад туслаж байсан ч хэтэрхий бардам төрх нь заримдаа сул тал нь болно. Бүсгүй ажил олох гэж тийм ч олон газраар явсангүй удалгүй дотооддоо нэртэй хэвлэлийн газар ажилд оржээ. Энэ бүх хугацаанд өөрийг нь зорин ирсэн залуучуудын заримтай нь энгэр зөрүүлхээс  ч мөн үл татгалзах болов.  Нэг л хэвийн өглөө, танихгүй залуусуудын өвөр. Тэдний нэгнийх нь үлдээсэн оч удалгүй бүсгүйн дотор нь зүрх болон цохиж эхлэжээ.Зүрхэн доторх зүрх, хоёр дахь зүрх, гэмгүй зүрхийг мэдрэх болжээ.

Бүсгүй нүдээ нээжээ.  Нүдэнд нь үзэгдээд өнгөрсөн бүх зүйл зүүд шиг санагдав.  Хэнгэнэтэл санаа алдаад машинаасаа гарч том хар нарны шилээ зүүгээд бүсгүй эмнэлэгрүү орлоо.

Эм тангийн танил үнэр үүднийх нь өрөөний хаалгыг татан орох даруйд үнэртэх энэ газарт бүсгүй орох хэзээнээс дуртай байгаагүй. Саруулхан цэмцгэр өрөө тасалгаанууд, түүгээр нь хоорондоо танихгүй хүмүүс шиг үг дуугүй зөрөлдөн холхилох амны хаалт өмссөн эмч сувилагч нарын хэн нь ч бүсгүйг анхаарч харсангүй. Бүсгүй үүдний хүлээн авагч хүүхэн дээр очоод

"Чөдөр эмч байгаа юу" гэж ихэл танимхайрсан маягтай асуухад
"Байгаа" гэж хүлээн авагч бүсгүй хэлээд бүсгүйг ихэл сонжингуй дээрээс нь доош нь хурдхан харсанаа

"Та цаг авсан уу" гэж асуухад нь бүсгүй хариулалгүй эмчийн өрөөг чиглэн алхлаа.

"За бүсгүй суугаач" гэж эмч хэлээд ардаас нь дагаж ирсэн хүлээн авагч хүүхэнд липтон цай аваад ир гэж хэлсэнд хүлээн авагч бүсгүй гайхсан шинжтэй зогсож байгаад эргээд явлаа. Цагаан халадны гаднаас хүний өргөн бүдүүнийг хэлэх хэцүү ч Чөдөр эмч маш их туранхай гэдгийг нь хэн ч хараад хэлэхээр тийм туранхай ажээ. Чөдөр эмчийн өтгөн хөмсөгөн доорх бор дугараг нүдний харц нь олз олж харсан араатан шиг гялалзан

"За яаж явна да" гэж асуулаа. Бүсгүй асуултын хариултаас илүү эмчийн "за" гэж байн байн хэлсэнд нь дургүй нь хүрч дотор нь муухайрах шиг болов.

Үр хөндүүлье” гэж бүсгүй огт хайхрамжгүй хэлээд цонхоор ширтлээ.

Хагалгааны дараа бүсгүй эмнэлэгт хэдэн өдөр гарах өдөр нь болжээ. Дуудлагын таксин дотор арай ядан орж суугаад дахиж Чөдөр эмчтэй дахиж уулзахгүйдээ гэж бодохдоо доод уруулаа цус шүүртэл хазчихав. Бүсгүй гэрийнхээ хаалгыг түлхүүрдэн орход гэр нь яг хэвэндээ ханхайн угтлаа. Бүсгүй хана түшиж явсаар орон дээрээ ирэн эвхэрч хэвтээд хэвлий дээрээ гараа тавьлаа. Хоосон, дээшээ доошоо хязгаар үгүй, зүрх, элэг, уушиг, цус, яс аль нь ч үгүй зүгээр л тийм их хоосон орон зайг мэдэрчээ. Хоосон орон зайнаас гагцхүү доороос дээшээ дуслах олон хүнээс нуусан ганц нэгхэн шорвог дуслууд бүсгүйн завьжинд нь амтагдах ажээ.

Удалгүй хаврын улирлын сүүлийн хэдэн өдрүүд шувтарч хүсэн хүлээсэн зуны өдрүүдийн эхэн урин дулаан цаг ирлээ. Бүсгүйгийн бие ч тэнхэрчээ. Өдөр тутмын нэгэн хэвийн ажлын цайны цагаар санамсаргүй олж харсан зүйл нь бүсгүйд бяцхан аз жаргал бэлэглэв. Ажлынх нь ширээн дээр байдаг календарийн хуудас эргэх цаг аль хэдийн болсон гэдгийг бүсгүй анзаарчээ. Зуны налгар өдрүүдэд бүсгүй юугаар гангархаа хамгийн түрүүнд бодлоо.

Сүүлд авдаг хүрэн хэтэрхий сонин хоншоортой бас тэгээд намхан, аан ногоон сандалаа гэснээ нүдээ үл мэдэг онийлгосноо толгой сэгсэрч хөрш хүүхнийх нь хараагаа салгаж чаддаггүй өндөр өсгийтэй хөх сандалаа санасанаа инээмсэглэлээ. Бүсгүй дараа нь хөх сандаалан дээрээ өмсөх даашинз, малгай, цүнх бүр энгэсэгнүүдийнхээ тухай хүртэл боджээ.

Гэртээ ирээд ямар хувцас өмсөхөө шийдэж чадалгүй нилээд удсан ч хувцасны шүүгээний мухарт байсан цагаан даашинзаа гаргаж ирээд эргэлзээгүй өмсөхөөр болов. Даанч бүсгүйд ердөө жилийн өмнө таардаг байсан даашинз нь биеийг нь бариад нэг л эв хавгүй болчихжээ. Бүсгүй уурлаж эгээтэй л даашинзаа хайч гаргаж ирээд хэдэн хэсэг тасдаад хаячихсангүй. Энэ өдөр гадагшаа гархаа ч болив. Цагаан даашинзандаа багтах гэж бүсгүй хоёр хоног юм идэлгүй өөрийгөө сойжээ. Хоёр хоногийн дараа бүсгүй даашинзаа өмсөхөд яг таарах нь тэр. Гэрийнхээ том толинд бахдалтай нь араггүй өөрийгөө харж зогсох дур булаам бүсгүй хэнтэй хаашаа явахаа бодооогүйгээ гэнэтхэн санажээ. Юу ч гэсэн гарах ёстой гэдгээ бүсгүй мэдэж байлаа. Бүсгүй гэрээсээ холгүй хөл хөдөлгөөн багатай нэгэн уушийн газрыг зорьжээДотор нь орход тийм ч олон хүн байсангүй. Завсар зайгүй хүмүүс холхилдох цонхны дэргэдэх суудлуудаас дөлж танхимын голын ширээнүүдийн нэгэнд суулаа. Нимбэгтэй ус зуун грамм цагаан архи захиалаад сандлынхаа зөөлөн түшлэгийг налан суухдаа өөрийг нь хэн нэгэн тас ширтээд байгааг бүсгүй мэдэрчээ.